Ж.Баянсан "Монгол хэлний зүйрлэсэн хэллэгийн утга соёлын тайлбар толь"-ийн өмнөтгөл үг

blog
13 Уншсан
     Монголчуудын бүтээн туурвиж, өвлөн уламжилж ирсэн соёлын өвийн олон арван сор бүтээл нь хүн төрөлхтний соёлын хөгжлийн түүхэнд хүндтэй байрыг эзэлж, дэлхийн олон арван улс гүрний хүн зоны мэлмий, сонорыг мялааж, бишрэл гайхлыг төрүүлсээр байгааг бид бахархан угтдаг.
      Иймээс монгол соёлын өв, ялангуяа биет бус соёлын өвийн олон төрөл зүйлийг бүртгэн цуглуулах, эмхлэн ангилах, судлан шинжлэх, сургалт судалгааны хэрэглэгдэхүүн болгох, өөрийн орны болон гадаадын иргэд, олон түмэнд сурталчлан таниулах, зарим нэгэн шилмэл өвийн зүйлийг дэлхийн оюуны соёлын өвд бүртгүүлэх зэрэг ажлыг Монгол Улсын Соёл, Урлагийн Их Сургуулийн эрдэмтэн багш нар уран бүтээлч хамт олон өөрийн боломж хэрээрээ дэмжин тэтгэх, хөгжүүлэн дэлгэрүүлэх нь бидний үүрэг хэмээн үздэг ээ.     
Биет бус соёлын нэг зүйл болох зүйр цэцэн үг, өвөрмөц хэллэг, оньсого таавар зэрэг зүйрлэмэл хэллэгийн төрөл зүйл нь ардын дуу, ерөөл магтаал, үлгэр туульсад хэвшмэлжин тогтохдоо хүн, хүрээлэн байгаа байгалиа таних, гаршуулж гэршүүлэн амьдралынхаа үндэс болгож ирсэн мал адгуусыг таних, хүн хүнээ таних талаар хураасан мэдлэг, хуримтлуулсан туршлагынх нь оньсолмол хэлбэр, уран яруу илэрхийлэх онцгой арга болж ирснийх нь хувьд түүнийг монголчуудын гүн ухаан, оюун сэтгэлгээ, утга соёлын үүднээс нягтлан судалж, түүний утга учрыг хойч үеийнхэн зөв ойлгож, зөв хэрэглэж сурахад нь зориулж манай Соёл, Урлагийн Их Сургуулийн Хэлний соёл судлалын профессорын багийн тэргүүлэх профессор, Монгол Улсын гавьяат багш, доктор Ж.Баянсангийн боловсруулан найруулсан Монгол хэлний зүйрлэсэн хэллэгийн утга соёлын тайлбар толь хэмээх энэ бүтээлийг Танд дэлгэн барьж байна.   

     Үүнээс өмнө монгол хэлний зүйр цэцэн үгийн олон толь хэвлэгдэн гарч, олны хүртээл болж ирсэн бөгөөд тэдгээр толь бичигт зүйр цэцэн үгийн утгыг тайлбарлахдаа ерөнхий санаагаар нь дан үг, заримдаа холбоо үгээр хязгаарласан, хэлц хэллэгийн орчуулгын тольд ч гэсэн тухайн хэлний түгээмэл утга дүйх, харгалзах хэллэгээр нь оноох аргыг түгээмэл хэрэглэж ирсэн бөгөөд харин ямар учраас ингэж өгүүлдэг болсны учрыг тайлан тодорхойлсон зүйл үгүйдэж, бас үгүйлэгдэж байсныг энэхүү толь нөхөж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
     Ийнхүү энэ толь бичигт тухайн зүйрлэсэн хэллэгийн үүссэн утга учрыг монголчуудын уламжлалт соёл, сэтгэлгээнийх нь онцлогийн үүднээс дэлгэрэнгүй тайлбарласан нь түүнийг харилцааны ямар орчин нөхцөлд, ямар утга үүргээр хэрэглэхэд зохистой болохыг улам тодорхой болгосноороо ялангуяа дунд сургуулийн дунд, ахлах ангийн сурагч, их, дээд сургуулийн оюутан суралцагч, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, хэвлэлийн эхийг хянан найруулагч нар, мөн төрөлх хэлнээсээ гадаад хэлээр, гадаад хэлнээс төрөлх хэлээрээ орчуулагчид, монгол соёл сэтгэлгээний онцлог, түүнийг хэлний тэмдгээр уран яруу илэрхийлэх чадамж, утгын гүнзгийрлийг сонирхон уншдаг судлан шинжилдэг, хэрэглэн уламжилдаг хэн бүхэнд ихээхэн тустай, хэлний илэрхийллийг Хэл шинжлэл, Сэтгэл судлал, Угсаатан судлал, Соёл судлал, Хүн судлал, Танихуй судлал зэрэг хүнийг судалдаг ухаануудын уулзварт шинжлэн тайлбарлах онол, арга зүйн шинэ шийдлийг чиг болгож, оюуны соёлын өнөөгийн хэрэглээний шаардлагад нийцүүлэн бүтээсэн ажил болсныг зориуд тэмдэглэн сонордуулж байна.  

 
                                                         Энэхүү номыг санаачлан бүтээсэн эрхэм хүндэт багшдаа гүн талархал дэвшүүлье.
                                                      Толь бичгийг хянан тохиолдуулж, эрхлэн хэвлүүлсэн доктор, профессор Э.Сонинтогос
TOP