Д.Тангад "Монгол домын тайлбар толь" номын өмнөх үг

blog
100 Уншсан
     Дом гэж сонин юм. Мэдлэг ухаан, мухар сүсэг, арга залийн аль нь вэ. Итгэж ч болох, эс тоож, нэг чихээрээ оруулаад нөгөөгөөр гаргаж ч болно. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэдэг дээ. Үндэстэн болгонд дагаж дадсан, цэрвэн цээрлэдэг зүйл бий. Хар муур зам хөндлөн гүйх аваас араас нь дунд, долоовор хуруугаа солбин замаар гарах жишээтэй. Дөрвийн тооноос зайлсхийдэг үндэстэн ч байх. Давс асгачихвал ус дусааж уусгах ёстой гэх юм уу, хөхүүл эхийн хөх хавдахад зориуд хуурч, зангирааг нь сулладаг зэргээр олон  улс үндэстэн, түүний дотор хөгжлөөр тэргүүлэгч, хамгийн шинжлэх ухаанч улс оронд ч ард түмнийх нь дагаж мөрдсөөр ирсэн бичигдээгүй зан үйл арвин их бий. Тэр бүхнээс үүдэн жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц ... гэх үг гарсан байж таарна.   
    Дом бол үндэстэн ястны соёлын нэгээхэн чухал хэсэг. Он цаг улираан уламжилж, үеэс үед дамжихдаа гээгдэж мартагдсан, хувьсан өөрчлөгдсөн нь олон бөгөөд эрхлэх аж ахуйн онцлог, байгал орчин, цаг уур, шүтлэг бишрэлээс хамаараад газар газрын домын соёл өөр өөрөөр оршном.
     Нэг зүйлийг зарим нь сүсэглэдэг байхад өөр бусад нь жийрхэн цээрлэнэ. Монголчуудын хувьд мал ахуйгаа даган нүүдэллэж байгаль цаг ууртайгаа зохицон аж төрж ирсэн зан үйлийн бүхий л онулог чанарыг дом шившлэгтээ гүн шингээсээр иржээ. Малчин монгол хүнд аливаад барьц алдалгүй хормын дотор шийдвэр гаргах үе бишгүй нэг тохионо. Монгол дом бол юуны өмнө монголчуудын бие даасан сэтгэлгээний илрэл агаад гал усны гэнэтийн аюул, салхи шуурга, өвчин эмгэг тохиоход зөвхөн өөрийн хүчинд найдахаас өөр аргагүй тийм тулгамдсан цаг үед хамгийн түрүүнд амь нас, мал сүрэг, өмч хөрөнгөө хамгаалан эсэн мэнд тэсч үлдэх арга чарга нь байжээ гэдгийг энэ ном илтгэнэ. Хүүхдийн онго, азар мод, зунгаг, чагтага... гэх мэт үгийн утгыг миний үеийнхэн бүгд мэдэх нь юу л бол. Ахуй соёл өөрчлөгдөхийн хэрээр түүнтэй холбоотой хэл, зан үйл алга болж мартагддаг.

     Тангад багш маань дөч гаруй жил монгол орноо хэрэн аялж, эцэг өвгөдийн цээжинд байсан эрдмийг шүр сувд адил ганц нэгээр цуглуулж хэлхсэн  арвин сан хөмрөгөө бидэнтэй хуваалцсан байна. Түүнтэй эх орны дөрвөн зүг, найман зовхист уулзаж, ярилцсан хүмүүсийн олонх нь өнөөдөр бурханы орондоо явжээ. Хэчнээн олон аман соёл эцэг өвгөдтэй хамт биднийг орхисныг өнөө үеийнхэн мэдэхгүй. Тийм болохоор энэ ном их буянтай ажил болжээ. Багш маань их нягт нямбай хүн юм.
     Бас дом, домгийн сэдэв, агуулга уран бүтээлчдэд маш их онгод, сэдэл төрүүлэх нь дамжиггүй. Кино, жүжиг, хөгжим, зургийн хэдэн зуун сэдэв энэ номонд байна. Үүнийг хэрхэн хөгжүүлэн баяжуулж, бүтээл болгон хувиргах нь уран бүтээлчдийн ажил.
      Домын зан үйлийн нэг хэсэг ижий ааваас уламжлан үр хүүхдэд нь дадал, хүмүүжил, мэдлэг болж төлөвшдөг. Голын усанд машин битгий хэл толгойгоо угааж байгаа хүнийг хараад өөрийн эрхгүй жигшин зэвүүцэх, булаг шанд, голын усанд хир буртгаа бүү хэл сүү ч дусаадаггүй ард түмний үр сад шүү дээ бид. Байгаль орчноо хайрлан
хамгаалах хүмүүжлийг эхлээд гэр бүл олгодгийн наад захын жишээ энэ юм. Ийм хүмүүжлийг зүйр үг, дом, домог, хууч яриа, үлгэрээр дамжуулан өвлүүлсээр иржээ.
     СУИС өнгөрсөн жилээс монгол аман соёлын тайлбар толийг эрдэмтэн багш нараар бичүүлж эхлэв. Профессор Ж.Баянсан багшийн “Монгол хэлний зүйрлэсэн хэллэгийн тайлбар толь”-иор эхлүүлсэн цувралаа энэ удаа монгол домын тайлбараар хэлхэв.
Соёл судлалын ухааны доктор Тангад, ном бүтээх арвин туршлагатай редактор Я.Сумъяа нартаа болоод оролцсон бүх хүнд эрдмийн зөвлөлийн өмнөөс гүн талархал дэвшүүлье.
     Аман соёл үеийн үед хүн зонд ухаан нэмж, амьдралд өнгө оруулж, үндэстний дархлааг бэхжүүлж, амин чанарыг тодотгож байх болтугай.

                                               СУИС-ийн захирал, төслийг санаачлагч, доктор, профессор Э.Сонинтогос
TOP