"Амбасэлмаа" номын өмнөтгөл үг

blog
69 Уншсан
     Монгол Улсын Соёл Урлагийн их сургуулийн намтар түүхэнд монголын сод болсон авьяастнууд мөнхийн гавьяатай дурсагдах болно. Учир нь 1990 онд соёл урлагийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх анхны бие даасан их сургууль Монгол Улсад байгуулагдахад тэр эрхмүүд сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургуулийн бүтцийг зураглаж, энэ сайхан сургуулийнхаа эх суурийг бүтээсэн юм аа. Ц.Пүрэвдорж, Н.Норовбанзад, Н.Загдсүрэн, П.Цэвэлсүрэн, Г.Хайдав, О.Банди, С.Сугар, Д.Нанжид, Б.Алтанцэцэг, Д.Маамхүү, Г.Доржсамбуу, Г.Ренчинсамбуу, Ц.Гантөмөр, Ц.Нацагдорж, Д.Амгалан, Б.Жамъяндагва, Ц.Раднаа... гээд араас нь тэдний шавь, шавийн шавь нарын нэр он цагийн уртад хөврөх биз ээ.
     Урлагт ганц ганцаар тодрох авьяастныг шилж сонгох, сургаж төлөвшүүлэх, эрдэм ухаанаа өвлүүлэх хүндтэй бөгөөд нөр их, хүчир ажлыг манай өмнөх үеийнхэн гайхалтай сайн гүйцэтгэсний үр дүн бол өнөө үеийнхний амжилт юм. Монгол дуучин сонгодог дуурийн гол дүрийг дэлхийн хамгийн хүндтэй тайзнуудад амилуулж, монгол зураач Венец, Норд артад бүтээлээ дэлгэж, рок хамтлаг өрнөдийг шуугиулна гэж тэд маань мөрөөдөж л явсан байх даа. Бид тэднийхээ сургалтын арга барил, намтар түүхийг таниулах зорилгоор профессоруудын цуврал ном бүтээх ажлыг 2016 онд эхлүүлсэн. Эхний номууд маань “Уртын дууны хатан хаан”, “Дуурийн ханхүү” нэртэйгээр хэвлэгдсэн алдарт дуучин Н.Норовбанзад, Г.Хайдав нарт зориулсан бүтээл. Цувралын гуравдах нь одоо таны гарт очиж буй “Амбасэлмаа” хэмээх ном болно. Энэ цуврал бол хамтран зүтгэгч, шавь нарынх нь дурсамж төдий биш, харин тэдний уран бүтээлд дүн шинжилгээ хийсэн, тэдний сургалтын арга ухаанд нэвтрэх гэсэн олон олон хүний бодол ухаан, судалгаанд түшиглэсэн бүтээл юм. 

    Бидний ахмад үеийнхэндээ зориулж санаачлан хэрэгжүүлж буй өөр нэг төсөл бол “Дамжуулах үг” хэмээх баримтат кино төсөл юм. Монгол Улсын Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, зураглаач Ц.Шаравдорж, Монгол Улсын ардын жүжигчин Ж.Лхамхүү, найруулагч Б.Мөнхдорж, Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч Д.Хишигт, хөөмэйч Д.Одсүрэн, Монгол Улсын гавьяат багш Р.Уртнасан нар сургалтынхаа арга ухааныг өөрсдөө тайлбарлан таниулж байгаа болохоор үнэ цэнтэй.
Тэдний ярьж хэлэхийг, хичээлээ хэрхэн хөтлөхийг хараад л ямар мундаг багш вэ гэх сэтгэгдэл аяндаа төрдөг. Ном, кино аль нь ч залуу багш нар, судлаач, оюутнуудад үлэмж хэрэгтэй гэдэгт эргэлзэх юун.
Ном, киног бүтээж байхад багш нараараа бахархах, тэдэндээ баярлах сэтгэл төслийн багийнхныг байнга дагадаг.
       Би Амбалаагийнхаа гурван номыг “эх барьж” авсан юм билээ. Тэдгээрт бичсэн өмнөх үгээ энэ номын өмнөтгөлд хамтатгав.
    Амбасэлмаа багшийн маань номыг хамтран урлах бидний урилгыг хүлээн авсан нэрт сэтгүүлч, судлаач Х.Цэвлээ, Т.Баасансүрэн, Д.Дорждулам, Ю.Эрдэнэтуяа, С.Оюун, Б.Шийрэв, Д.Шагдарсүрэн, Р.Аля, Г.Золжаргал, Л.Мөнхтөр, Ц.Пунсаа, Х.Наранжаргал Б.Галаарид, Д.Цэнджав, П.Алтанцэцэг, Д.Даваасүрэн, С.Сосор нартаа СУИС-ийн хамт олны өмнөөс гүн талархал дэвшүүлье.
Уншигч танд буян хурж, жавхлан цогцлох болтугай.
2019 он
 
СУИС-ийн захирал, доктор профессор Э.Сонинтогос
TOP