Монгол судлалын зургаан боть ном

blog
125 Уншсан
Монгол судлалын зургаан боть ном

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн “Ардын урлаг, бүжиг судлалын профессорын багийн” тэргүүлэх профессор, Монгол улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Сэндэнжавын Дуламын 1974 оноос хойш 44 жилийн хугацаанд бичиж нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн чуулганыг 6 боть болгон хэвлүүлсэн цуврал номын нээлт боллоо. Эдгээр 6 боть номын эхний 3 болох “Домог зүй, бөө мөргөлийн судалгаа”, “Монгол аман зохиол, харьцуулсан аман зохиолын судалгаа”, “Монгол уран зохиолын судалгаа, орчуулгын онол” гэсэн гурван ботийг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн /Захирал, доктор, проф. Д.Заяабаатар/ хэвлүүлсэн бол “Бэлгэдэл зүйн судалгаа”, “Соёл, урлагийн судалгаа”, “Бурханы шашин, нийгэм, хэл шинжлэлийн судалгаа” гэсэн сүүлийн гурван ботийг нь СУИС-ийн Соёл, урлаг судлалын сан хөмрөгөөс /Захирал, доктор, проф. Э. Сонинтогос/ эрхлэн хэвлүүлжээ. Эдгээр бүтээлүүд нь монгол судлал голлон хөгжсөн АНУ, ОХУ, ХБНГУ, БНХАУ, БНСУ, Франц улсын монгол судлалын гол гол төвүүдэд тухай тухайн гадаад хэлээр хэвлэгдсэн болон монгол хэлээр гарсан 320 гаруй өгүүллээс бүрдэж байгаа болно. Өгүүллүүд нь Монгол орны олон газраас болон хилийн чанадын монгол угсаатнаас сурвалжлан цуглуулсан хээрийн шинжилгээний эх хэрэглэхүүнд тулгуурлан бичигджээ. Өгүүллийн сэдвийн цар хүрээ өргөн байгаа нь бидний судалгааны арга зүй болох соёлын хүн судлалын “биечлэн дагах арга зүй” (participant observation) хээрийн шинжилгээний арга зүйтэй ихээхэн хамааралтай гэж зохиогчоос тайлбарлажээ.
     

   
TOP