Соёлын сургуулийн номын сан товч танилцуулга

blog
86 Үзсэн

Соёлын сургуулийн номын сангийн эрхэм зорилго
Үндэсний болон хүн төрөлхтний соёл урлагийг эрхэмлэн дээдэлж, түүний үнэт зүйлсээс суралцах, өвлөн уламжлах, бүтээн туурвих, түгээн дэлгэрүүлэх, мэдлэг чадвар, төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэхэд шаардагдах хэрэгцээт мэдээлэл, гарын авлагаар хангаж ажиллахад Соёлын сургуулийн эрхэм зорилго оршино.


Товч танилцуулга
Соёлын сургуулийн номын сан нь Багшийн сургуулийн номын сангаас мэргэжлийн холбогдолтой 3000 орчим, Музейн удирдах газрын номын сан, Засгийн газрын ордны номын сангаас 1000 орчим ном авч, 1984 оны 7  дугаар сарын 1-ний өдөр 5000  орчим номтойгоор “Тавдугаар зэргийн номын сан”-аар батлагдаж 1 номын санчийн орон тоотойгоор ажиллаж эхэлсэн.

Соёлын сургуулийн номын сан нь соёл, боловсрол, урлаг, түүх, угсаатан судлал, эдийн засаг, улс төр, гоо зүй, философи, сэтгэл судлалын шинжлэх ухаан,  гадаад хэлний агуулга бүхий нийт 14510 ширхэг ном, сурах бичиг, гарын авлага,  419 ширхэг аудио, видео материал, 1352 ширхэг англи ном, 77 ширхэг япон ном, 2269 ширхэг орос ном, 512 ширхэг сэтгүүл бүхий хүрэлцэхүйц сантай, лавлагаа болон мэдээлэл номзүйн  үйлчилгээг багш, суралцагчдад тогтмол үзүүлж, 2 номын санчийн орон тоотой ажиллаж байна.
Манай номын сангийн нэг онцлог бол уншигчдад үйлчлээд зогсохгүй “Номын сан судлал-мэдээлэл” мэргэжлийн ангийн оюутнуудын дадлага хийх бааз суурь нь болдог онцлогтой.

Соёл урлагийн их сургуулиудын нэгдсэн каталогтой болох шаардлагын дагуу төдийгүй номын сангийн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор  2013 оны 1 сараас КОХА программыг нэвтрүүлэн, бүх номнуудыг электрон каталогт шинээр оруулах, номыг дахин данслах ажлыг эхлүүлсэн ба одоогийн байдлаар ном хэвлэл, уншигчдыг тус програмд бүртгэж дуусаад уншлага үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Коха бол нээлттэй эхтэй номын сангийн автоматжуулалтын систем бөгөөд МАРК 21 форматын дагуу хийгдсэн, вэбэд суурилсан програм хангамж юм. Түүнийг дэлхий дээрх номын сангийн болон номын сангийн бус мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хөгжүүлж байдаг.
СУИС-ийн захирлын 2017 оны 11-р сарын 22-ны өдрийн А/360 дугаар тушаалын дагуу Соёлын сургуулийн номын санг тус сургуулийн захирал асан ДАШЫН БАТ-ЭРДЭНИЙН нэрэмжит болгон орчин үеийн номын сангийн стандартад нийцсэн тавилга, тоног төхөөрөмж интернэт /WiFi/  орчин бий болгож, уншигчдын тав тухтай орчин бүрдүүллээ. Урьд өмнө зай талбай багатай, хаалттай фондоор гэрээр ном олгож үйлчилдэг байсан бол одоо чөлөөт сонголттой уншлагын танхим, гэрээр ном олгох тасаг, интернэт үйлчилгээ гэсэн нэгжээр үйлчилж байна. Номын сан нь нийт 75 хүний суудалтай ба чөлөөт сонголтой уншлагын танхим нь 55 хүний суудалтай, интернэт үйлчилгээ нь  20 хүний суудалтай байна. Нийт талбай хэмжээ нь 110мбайна.  
TOP